Би ээжийнхээ дуулж байгааг тийм ч олон удаа харж байгаагүй л дээ, уг нь ээж минь их сайхан дуулдаг. Тэр болгон ээжийнхээ дуулахыг сонсох боломж олддоггүй байсан, манайхан чинь найр хуриман дээр л дуулдаг улс шүү дээ!. Би тэр болгон найранд аав ээжийгээ дагаж яваад байдаггүй болохоор надад ээжийнхээ дуулахыг сонсох боломж олддоггүй байсан биз. Нэг удаа ээж, дүү, бид гурав оройныхоо хоолыг хийгээд сууж байгаад би ээжээсээ "Ер нь таны хамгийн дуртай дуу чинь юу юм бэ? гэж асуутал ээж минь шууд л дуулаад эхэлсэн. Миний толгойнд ээж минь ямар сайхан хоолоотой юм бэ дээ гэж бодогдож байсан. Тэрнээс хойш үе үе ээжийгээ дуу дуулж өг гэж шалдаг болсон. Харин одоо энэ дуу миний ч бас хамгийн дуртай дуунуудын маань нэг. Ээж бид хоёрын дуу! Энэ ерөөс л ээж бид хоёрын дуу мэт хамгийн анх ээжээрээ зөвхөн өөртөө зориулуулж дуулуулсан дуу( хүүхдийн дуу, бүүвэйн дууг эс тооцоод), хамгийн анх ээж бид хоёр хамтдаа бусдын өмнө хамт дуулсан дуу, бас миний хамгийн сайн үгийг нь мэдэх Монгол дуу.
Орчлонг хайрлаарай
Нандин цэнхэр тэнгэрийг хайрлаарай
Намрын будан бүрхчихнэ ай хөөрхий
Насан өндөр аав ээжээ хайрлаарай
Нартын жам нь булаачихна ай хөөрхий
Гунигтай сэтгэлийг аргадаж хайрлаарай
Нулимстай нүдийг арчиж хайрлаарай
Чи бидний орчлон ганцхан шүү
Амьдралыг зүрхэндээ тэврэн хайрлаарай
Гэгээн дорнын сарыг хайрлаарай
Гэрэлт туяагаа хумьчихна ай хөөрхий
Залуухан амрагаа уучилж хайрлаарай
Замилангийн урсгал элээчихнэ ай хөөрхий
Гунигтай сэтгэлийг аргадаж хайрлаарай
Нулимстай нүдийг арчиж хайрлаарай
Чи бидний орчлон ганцхан шүү
Амьдралыг зүрхэндээ тэврэн хайрлаарай
Сайхан цагаан үүлсийг хайрлаарай
Салхины аясаар сарничихна ай хөөрхий
Зоргоор олддоггүй амьдралаа хайрлаарай
Зовлон жаргал хуваачихна ай хөөрхий
Гунигтай сэтгэлийг аргадаж хайрлаарай
Нулимстай нүдийг арчиж хайрлаарай
Чи бидний орчлон ганцхан шүү
Амьдралыг зүрхэндээ тэврэн хайрлаарай
Comments
Post a Comment